АӨСҮТ-ИЙН ПОЛИКЛИНИКИЙН ТАСГИЙН ИХ ЭМЧ Х.ЭНХЖИН ПСОРИАЗ БУЮУ ХАЙРСТ ҮЛД ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

АӨСҮТ-ИЙН ПОЛИКЛИНИКИЙН ТАСГИЙН ИХ ЭМЧ Х.ЭНХЖИН ПСОРИАЗ БУЮУ ХАЙРСТ ҮЛД ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

Х.Энхжин: Хайрс үлд хүндрээд ирэхээр үе мөчинд их нөлөөлдөг бөгөөд хумсны хэлбэр, өнгө өөрчлөгддөг

  АӨСҮТ-ийн поликлиникийн тасгийн их эмч Х.Энхжинтэй псориаз буюу хайрст үлд өвчний талаар ярилцлаа.

- Хайрст үлд юунаас болж үүсдэг. Хэр их хүндрэл дагуулдаг өвчин бэ?

- Хайрст үлд нь архаг явцтай дархлаа тогтолцооны өөрчлөлттэй холбоотой үүсдэг өвчин юм. Мөн шалтгаан нь тодорхойгүй ч үүсэх нь бий ч  удамшил их нөлөөлдөг. Сэдрээх хүчин зүйлсэд нь арьсны гэмтэл, дотоод шүүрлийн эмгэг, гадаад орчны нөлөө, хоол хүнс, хүний амьдралын хэв маяг ордог.

Хайрс үлд нь нилээн хүндрэл дагуулдаг өвчин л дөө. Зарим хүмүүс хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгох хэмжээнд очдог. Энэ өвчин хүндрээд ирэхээр үе мөчинд их нөлөөлдөг бөгөөд хумсны хэлбэр өөрчлөгдөх, өнгө өөрчлөгдөх,  биеийн бүх хэсгээр тууралт гарч, босож суухад хэцүү болдог.

- Псориаз буюу хайрст үлд нь ямар шинж тэмдэгтэй өвчин бэ. Ямар хүмүүст түлхүү тохиолдоод байна вэ?

- Ихэвчлэн 20-30 насны залуучууд, 40-50 буюу идэр насныханд анхлан тохиолдох нь элбэг. Харин хүйсийн хувьд төдийлөн ялгаа байдаггүй. Энэ өвчин дэлхий нийт хүн амын 2-3  хувьд тохиолддог бол Монгол Улсад хийгдсэн тохиолдлын  судалгаа хараахан байхгүй.

Хайрст үлд нь ихэвчлэн арьсан дээр улаан ягаан өнгийн гүвдрүү болон түүний дээгүүр хусахад амархан унах мөнгөлөг цагаан хайрстай тууралтаар илэрдэг арьсны эмгэг юм. Цээж, нуруу, гар, хөлөөр ялангуяа мөчдийн гадна гадаргуугаар тууралт гардаг. Мөн үсний хуйхтай хэсгээр гарсан тууралт нь хаг шиг харагддаг болохоор хүмүүс хаг их унах боллоо гэж зовиурладаг.

- Арьс Өвчин Судлалын Үндэсний Төв сүүлийн үед ямар шинэ эмчилгээний аргыг ашиглаж байна вэ. Хайрст үлдийг эмчлэхэд удаан хугацаа шаардагддаг уу?

- Хайрст үлд нь архаг явцтай өвчин. Өнөөдрийг хүртэл манай эмнэлэгт хийгдэж байсан эмчилгээнүүд дандаа шинж тэмдгийн эсрэг байсан. Өөрөөр хэлбэл, өвчин сэдрээд тууралт гарсан үед тос түрхэх, гэрлээр үйлчлэх, дагалдаж илэрч байгаа зовиурыг намдаах эмчилгээ хийдэг байсан гэсэн үг.

Харин өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлээд шалтгааны эсрэг эмчилгээг хийж эхлүүлээд байна. Энэ нь хүний цусанд ихэсчихсэн байгаа хайрст үлдийг сэдрээдэг интерлейкин-17 цитокиныг бууруулж өгдөг үйлчилгээтэй “скафо” нэртэй 150 мг савлагаатай тариа юм.

Одоогоор энэ эмчилгээг хийлгээд, манай эмнэлгийн хяналтад байгаа 30-аад хүн байна. Өндөр өртөгтэйгөөс болоод хүмүүс төдийлөн хийлгэж чадахгүй байгаа ч  одоогийн байдлаар хайрст үлдийн сүүлийн үеийн үр дүн сайтай байгаа эмчилгээ.

- Үнэ өртөг нь хэд вэ. ЭМД-аар хөнгөлөгдөж байгаа юу. Энэ эмчилгээг хийлгэвэл хэр үр дүнтэй вэ?

- Нэг ширхэг тарианы үнэ сая төрөг. Эмчилгээ дунджаар хоёр жилийн хугацаанд үргэлжлэх  бөгөөд энэ хугацаанд цохилтын тун болон барих тун гэсэн эмчилгээний шатыг дамжин дунджаар 15-20 ширхэг тариа тариулах ёстой болдог.

Одоогоор эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөнд хамрагдаагүй байгаа тул хүмүүс өөрсдөө төлбөрөө даан эмчилгээгээ хийлгэж байна. Хэрэв даатгалаар хөнгөлдөг болчихвол хийлгэх шаардлагатай маш олон хүнд буян болох гээд байна л даа. Манай эмнэлэгээс гадна 2-3 хувийн арьсны эмнэлэгүүд “Скафо” эмчилгээг нэвтрүүлсэн байдаг юм билээ. Гэхдээ манай эмнэлэг улсын эмнэлэг учраас тухайн иргэнээс нэмэгдэл төлбөр юу ч авахгүйгээр энэ эмчилгээг хянан хийдгээрээ давуу талтай.

Хоёр жил үргэлжилдэг эмчилгээ учраас үүнийг хийлгэж байгаа хүмүүсийг дүгнэхэд арай эрт байгаа ч одоогийн байдлаар эмчилгээнд хамрагдаж буй хүмүүст үр дүн сайн байна. Энэ эмчилгээнд орохдоо зөвхөн мөнгө санхүүгээ бэлдэхээс гадна тодорхой нэр бүхий шинжилгээнүүдийг өгсөн байх ёстой байдаг. Шинжилгээний тухайд, эмч нартайгаа  ирж уулзан дэлгэрэнгүй мэдээлэл авах хэрэгтэй.

- Та дээр хоол хүнс нь хайрст үлд үүсэхэд нөлөөлдөг гэлээ. Ер нь хайрст үлдтэй хүмүүс хоол хүнс, амьдралын хэв маягтаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

- Хоол хүнсний хэрэглээг зөвхөн хайрст үлд гэлтгүй арьсны бүхий л өвчний үед анхаарах шаардлагатай байдаг. Хайрст үлдийн тухайд хоол хүнс нь нэгдүгээр шалтгаан болохгүй ч өвчнийг сэдрээх хүчин зүйлийн тоонд багтдаг. Тухайлбал, шарсан хуурсан хоол, амтлагч, халуун ногоотой хоол зэргийг хэрэглэж болохгүй.

Мөн хүмүүс маань арьсны тууралт гараад ирэхээр орц найрлага, агуулагдахуун нь тодорхойгүй тос түрхээд, хүндрүүлчихсэн байдаг. Тиймээс юун түрүүнд эмчийн зааврыг дагах хэрэгтэйг хэлье.