ПОЛИКЛИНИКИЙН ТАСАГ

ПОЛИКЛИНИКИЙН ТАСАГ

Арьсны өвчин судлалын үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд арьс харшил, эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх чиглэлээр нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажилладаг. 

1926 онд арьс өнгөний өвчнийг эмчлэх анхны суурь тавигдаж, 1946 онд 150 ортой эмнэлэг болон өргөжиж, улмаар 2000 оноос арьс харшил, эмчилгээний гоо заслын нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр нэвтрүүлж үйлчлүүлэгчдэд тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн 95 жилийн түүхтэй ууган эмнэлгийн нэг. 

Манай байгууллага 2013 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008, MNS.ISO 9001:2010 стандартыг салбартаа анхдагчаар нэвтрүүлж, 2018 болон 2020 онд амжилтаа бататган ISO9001:2015, MNS.ISO 9001:2016 стандартыг хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 2013 онд Сэтгэл нийцсэн 8 үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлсэн “Монгол Улсын загвар эмнэлэг”, 2016 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,  2019 онд Шадар сайдын нэрэмжит “Чанарын үндэсний шагнал”-ыг тус тус шагнуулсан. 

Поликлиникийн тасаг нь арьсны нарийн мэргэжлийн 10 кабинет, харшлын нарийн мэргэжлийн 2 кабинет, хүүхдийн 1 кабинеттэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэж байна. Хүний нөөцийн хувьд арьс, харшлын 10 их эмч, 2 сувилагч, 5 цахим бүртгэгч, 2 хөтөч ажиллаж байна.  Сүүлийн жилүүдэд тус тасагт технологийн шинэчлэл хийж, орчин үеийн дэвшилтэт техник технологуудын тусламжтайгаар арьсны өвчнийг оношлох, эмчлэх аргуудыг амжилттай нэвтрүүлж байна. Манай эмнэлэг харшлын сорил шинжилгээг хоёр төрлийн аргаар хийдэг. Арьс хатгах сорилоор амьсгалын замын харшил төрүүлэгчид болох ургамлын тоос, амьтны үс ноос, гэрийн болон агуулахын тоос, хоол хүнсний харшлыг тогтоодог. Мөн цусанд харшил төрүүлэгч тогтоох зорилгоор хүнсний, амьсгалын,  холимог панель гэсэн гурван төрлийн шинжилгээг хийдэг. Амьсгалын панель шинжилгээгээр амьсгалын замын харшил төрүүлэгч болох ургамлын тоос, гэрийн тоос, амьтны үс ноос, тасалгааны хөгц, мөөгөнцөр гэсэн 20 төрлийн харшлыг тогтоож, хүнсний панел шинжилгээгээр хамгийн түгээмэл харшил төрүүлэгч 20 төрлийн хүнсний харшлыг тогтоодог. Өдрийн эмчилгээний 20 ортой ба цус цэвэршүүлэн шүүх, аутосеровакцин эмчилгээг хийж, арьс харшлын өвчнийг эмчлэх, дахилт сэдрэлт, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна