АӨСҮТ-ИЙН АРЬСНЫ МЭС ЗАСАЛ, ЭМЧИЛГЭЭНИЙ ГОО ЗАСЛЫН ИХ ЭМЧ Д.СҮХБОЛД АРЬСНЫ ХОРТОЙ БОЛОН ХОРГҮЙ ХАВДРЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.


Д.СҮХБОЛД: МЭНГЭ НЬ ШАРХЛААД, ТОМРООД, ЦУС ГАРААД БАЙВАЛ АРЬСНЫ ХАВДАР БАЙХ МАГАДЛАЛТАЙ
“Эмч зөвлөж байна” булангийн энэ дугаарт АӨСҮТ-ийн арьсны мэс засал, эмчилгээний гоо
заслын их эмч Д.Сүхболдтой арьсны хортой болон хоргүй хавдрын талаар ярилцлаа.
- Арьсны хортой хавдрын талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Энэ төрлийн хавдар үүсэхэд
нөлөөлдөг хүчин зүйлс нь юу вэ?
- Арьсны хавдрыг хортой болон хоргүй гэж ангилдаг. Арьсны хортой хавдарын нэг нь меланоцит
(арьсны өнгийг тодорхойлдог эс)-ийн гаралтай байдаг. Меланоцит эсээс гаралтай хорт хавдар нь
хамгийн ноцтой буюу тунгалгийн булчирхай болоод бусад эрхтэнд үсэрхийлдэг. Энэ төрлийн
хавдар манай улсад маш цөөн тохиолддог. Учир нь манай орон экваторын бүсээс хол байрлалтай,
нарны хорт туяаны нөлөө байгаатай байдаг. Хэдий тийм боловч цөөн тохиолдлууд бүртгэгдсээр
байгаа. АӨСҮТ болон ХСҮТ дээр үүний гол оношилгоо, эмчилгээ хийгддэг.
Мөн арьсны суурь эсийн болон эвэршдэг эсийн хортой хавдар гэж бий. Гэхдээ энэ хоёр төрлийн
хавдар нь бусад эрхтэнд үсэрхийлэх, хүндрэх магадлал нь бага. Мөн байршмал хэлбэрээр буюу
арьсны түвшинд оношлогддог. Тодруулбал мэнгэ нь шархлаад, томроод, цус гараад байгаа бол
энэ төрлийн хавдар байх магадлалтай гэсэн үг. Өнгөний хувьд мөн цайвар ягаан, бараан биш, тэлж
томрох хандлагатай байдаг. Хэрэв та мэнгээ ажиглаад эдгээр шинж байвал нарийн мэргэжлийн
эмчид хандаж, оношлуулах хэрэгтэй.
- Арьсны хоргүй хавдрын талаар үргэлжлүүлэн ярилцъя?
- Хоргүй хавдар бол мэдээж амь насанд аюул багатай. Гэхдээ хавдар гэдэг бол эсийн замбараагүй
үржил, хуваагдал. Хоргүй хавдар нь тухайн хэсэг газраа томроод л байдаг.
Хүмүүс ихэвчлэн биеийн аль нэг хэсэгт нь бор толбо, зангилаа шиг юм гарахаар ирж үзүүлдэг л дээ.
Түүнээс эдийн шинжилгээ аваад харахаар дерматофиброма гэх хоргүй хавдар байж таардаг. Энэ
төрлийн хоргүй хавдрын шалтгаан нь бүрэн тодорхой бус ч арьсыг ямар нэг байдлаар гэмтээх,
шавжинд хазуулах зэргээс болж хэсэг хугацааны дараа бөөгнөрөл, зангилаа үүсэхэд нөлөөлдөг.
Мөн арьсны өнгөн хэсэгт хоргүй хавдар тохиолддог. Энгийнээр хэлбэл бидний хүзүү, шанаа, суга
хэсгээр гардаг ургацаг нь арьсны хамгийн өнгөн хэсгийн хоргүй хавдрын нэг юм. Энэ нь дотоод
шүүрлийн эмгэг, дааврын өөрчлөлт, таргалалт, хэт их хөлрөх зэргээс үүсдэг бөгөөд 35-с дээш насны
эмэгтэйчүүдэд түлхүү тохиолддог.
Нас ахиад ирэхээр биеийн энд тэнд улаан жижиг толбонууд гарч эхэлдэг. Энэ нь явцын дунд
томорч улаан бөмбөлөг шиг болчихсон байдаг. Энэ нь мөн арьсны хоргүй хавдрын тоонд багтана.
Зарим хүмүүс элэгнээс болж ийм юм гарч байгаа гэж ярьдаг. Яах вэ, элэгний асуудалтай хүмүүст
улаан толбо гарах тохиолдол бий. Гэхдээ судалгаагаар бидний хэрэглэж байгаа зүйлс, удамшил
зэргээс шалтгаалсан энэ төрлийн арьсны хоргүй хавдар гардаг гэсэн байдаг.
Дараагийн нэг өөрчлөлт бол уйланхай. Хүмүүс дотор эрхтэний уйланхайтай гэж ярьдагтай адил
арьс ба арьсан доор эдийн давхаргад уйланхай үүсэж болдог. Энэ нь их олон шалтгааны улмаас
үүснэ. Тухайлбал батгашилт, арьсаа гэмтээх, дотоод шүүрлийн алдагдал гэх мэт зүйлс нөлөөлж
болно. Уйланхай нь дотроо нян бактери үржээгүй хэр нь тосорхог агууламжтай байдаг. Энэ нь мөн
нэг төрлийн арьсны хоргүй хавдар юм.

Түүнчлэн липома гэж арьсны өөхөн эдийн дор үүсдэг хоргүй хавдар бий. Энэ нь мөн элбэг
тохиолддог бөгөөд энэ төрлийн хавдраа манай эмнэлэгт ирж эмчлүүлж байгаа хүмүүс ч бий.
Липома гэдэг нь өөхөн эдэд бөөгнөрөл үүсээд, үржил томрол болоод бүрхүүлтэй болчихсон нэг
төрлийн хоргүй хавдар. Липома нь цаг хугацаа өнгөрөх тусам томрох гээд байдаг. Гэхдээ хүндээ
зовиур багатай бөгөөд үүний шалтгаан тодорхой бус. Шалтгааныг нь дотоод шүүрлийн алдагдал,
хорт зуршилтай холбон тайлбарладаг.
- Арьсны өнгөн хэсэгт байгаа хавдрыг мэнгэ үү, толбо уу гээд хүн өөрөө ялгаж, ажиглах
боломжтой юм шиг санагдлаа. Харин арьсны дор байгаа, өөхөн эдийн давхаргад үүссэн
уйланхай буюу хоргүй хавдрыг хэрхэн мэдэх боломжтой вэ. Тухайн хүнд ямар нэг зовиур өгөх
үү?
- Арьсны өнгөн хэсэг рүү дөхөж байрласан байх тусмаа томбойж, наашаагаа түрж гарч ирсэн
байдаг. Гүнд байвал харагдах байдал анзаарагдахгүй хэдий ч тэмтрээд үзвэл гарт баригдана.
Тэмтрээд бариад үзэхээр хөдөлгөөнтэй, өвдөлтгүй, хатуу ч юм шиг мэдрэгддэг.
- Хүн болгонд мэнгэ бий. Тэдгээрийг хавдраас хэрхэн ялгах вэ?
- Энгийн мэнгэний зах хязгаар тод, дугуй хэлбэртэй, нэгэн жигд өнгөтэй байдаг. Харин тухайн мэнгэ
дааврын өөрчлөлттэй холбоотой эвсэл өсвөр насанд, цэвэршилтийн үед томрох хандлага байдаг.
Энэ үедээ хүмүүс хавдар мөн үү биш үү гээд үзүүлээд явдаг. Энэ маш зөв. Томорч байгаа ч гэсэн энэ
асуудалгүй. Хүмүүс маань мэнгээ их сайн ажиглах хэрэгтэй л дээ.
Харин зах хязгаар сарнисан, тод биш арьснаас дээшээ өргөгдөж гараагүй, тархмал байвал хавдар
байж магадгүй гэж сэжиглэж болно.
Ер нь арьсны хавдрыг харж оношлох боломжтой учраас эрт үед нь эмчлэх боломжтой. Зарим
хүмүүс тоохгүй яваад хүндрүүлсэн тохиолдол бий л дээ. Мөн зарим нь хүний нүдэнд харагдахгүй
байрлалд гарснаар хожуу оношлогддог.
- Арьсны хавдрын эмчилгээний талаар ярилцъя. Сүүлийн үед ямар шинэ эмчилгээ хийж байна
вэ?
- Зарим нэг хортой болон хоргүй хавдрыг эмч нүдээр болон дермаскопи гэх багажаар оношилдог.
Энэхүү багажаар оношийн 70-с хувийг тавих боломжтой. Харин оношоо батлахын тулд эдийн
шинжилгээг зөвлөдөг.
Эмчилгээний хувьд ихэвчлэн мэс засал эмчилгээг хийж байгаа. Бага хэмжээтэй болон дөнгөж
эхэлж байгаа хавдрыг хөлдөөх эмчилгээг мөн хийж байна. Эрт үедээ оношлогдож хөлдөөх
эмчилгээг хийлгэвэл үр дүн сайтай, арьсандаа мэс хүргэхгүй байх давуу талтай. Мөн түлэх
эмчилгээний арга бий.
Эмч хүний хувьд хүмүүст зөвлөж хэлэх юм байна. Зарим хүмүүс гоо сайхны салонуудад мэнгэ, үү,
ургацгаа авхуулж, эмчлүүлж байна. Эмчилгээгээ хийлгээд дахилт өгсөн, үр дүн муутайгаас болоод
нөсөөжсөн, хүндэрсэн тохиолдлууд манай төвд ирдэг. Тийм учраас хэрэв та арьсан дээр гарсан
ямар нэг зүйлээ авхуулах гэж байгаа бол улсын байна уу, хувийн эмнэлэг үү хамаагүй мэргэжлийн
арьсны эмчтэй эмнэлэгт л хандаж үйлчилгээ авч байгаарай гэж хэлье.

Зах зээл өргөн болж, олон газрууд лазер болоод түлэх эмчилгээнүүдийг хийж байна. Оносон нь ч
байгаа байх, түүний хажуугаар ховор тохиолддог хавдрыг хүндрүүлэх эрсдэл байгаа шүү. Тиймээс
мэргэжлийн хүнд нь хандаарай.
- Ярилцсанд баярлалаа.