АӨСҮТ-ИЙН КЛИНИКИЙН 1-Р ТАСГИЙН ИХ ЭМЧ С.СОЛОНГО "ЯГААН БАТГА НЬ ХҮНДЭРВЭЛ ХАМРЫН ХЭЛБЭРТ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА"

АӨСҮТ-ИЙН КЛИНИКИЙН 1-Р ТАСГИЙН ИХ ЭМЧ С.СОЛОНГО "ЯГААН БАТГА НЬ ХҮНДЭРВЭЛ ХАМРЫН ХЭЛБЭРТ ӨӨРЧЛӨЛТ ГАРНА"

АӨСҮТ-н клиникийн 1-р тасгийн их эмч С.Солонготой ягаан батга өвчний талаар ярилцлаа. 
 

- Ягаан батга нь эмнэлзүйн хувьд энгийн батгаас ялгаатай юу, ямар шалтгааны улмаас гардаг вэ?

- Ягаан батга нь энгийн батганаас ялгаатай. Нэр нь батга гээд адилхан мэт сонсогдож байгаа ч эмнэл зүйн хувьд өөр. Мөн ягаан батга нь ихэвчлэн эмэгтэйчүүд болоод дунд насныханд түлхүү тохиолддог. Харин энгийн батга нь тослог булчирхайн идэвх нэмэгдсэнтэй холбоотой өсвөр насныхад түлхүү гардаг.

Ягаан батга нь улайж, идээт цэврүү, гүвдрүү гарах шинжээр илэрнэ. Ер нь ягаан батга гарсан үед их халуу оргиж, нүүр улайж, хүндэрвэл хамар томорч нүдний өөрчлөлт өгдөг. Зарим хүмүүсийн хамар том улаан болчихсон байдаг шүү дээ, энэ нь ягаан батганы улмаас үүсдэг.

Ягаан батга үүсэх шалтгаан бүрэн нь тогтоогдоогүй. Гэхдээ таамаглалууд бий. Тухайлбал, генетикийн хамааралтай үүсэж болно. Мөн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр буюу нарны хэт ягаан туяа, даавар, дархлаа сулрах зэрэг нь ягаан батга гарахад нөлөөлдөг. Хүмүүс хеликобактери нь батга, ягаан батга үүсэхэд нөлөөлдөг гэж яриад байдаг. Гэхдээ тогтоогдсон судалгаа байдаггүй юм билээ.

- Нүд, хамарт өөрчлөлт өгдөг гэлээ. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Ягаан батга нь улайлт, гүвдрүү, цэврүү гэх мэт олон хэлбэртэй. Түүнтэй адилхан нэг хэлбэр нь нүдний шинж тэмдгээр илэрч байгаа гэсэн үг. Энэ үед нүд улайх, хорсох, загатнах мэдрэмж төрдөг. Хамрын тухайд гэвэл, хэлбэр өөрчлөгдөх нь ягаан батганы хүндрэлийн нэг хэлбэр. Гэхдээ хамрын бүтэц өөрчлөгдөх нь нэг их түгээмэл тохиолдоод байдаггүй л дээ.

Хэрэв хамрын бүтэц өөрчлөгдсөн бол хэсэг газрын эмчилгээ хийгээд үр дүнгүй, мэс заслын эмчилгээг зөвлөдөг. Ягаан батганы үед эхлээд үрэвслийн эсрэг эмчилгээг хийдэг. Үрэвслийн эсрэг тосон түрхлэгүүд, хачиг үүсгэгчийн эсрэг эмчилгээг хийдэг. Ер нь ягаан батганы улайлт тийм ч хурдан арилахгүй. Удаан хугацаанд, тэвчээртэй эмчилгээ хийлгүүлж байж арилдаг. Зарим хүнд 14 хоногоос үр дүн гараад эхэлдэг бол зарим хүнийх уддаг талтай.

- Ягаан батгыг сэдээгч хүчин зүйл нь юу вэ. Нэгэнт ягаан батгатай болсон бол юу анхаарах вэ?

- Судас тэлдэг халуун ногоотой хоол хүнс, алкоголь, халуун ууранд ажиллахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн нарны хэт ягаан туяанд өртөхгүй байвал сайн. Эдгээрээс хол байж чадвал шинж тэмдгийг ихэсгүй, хүндрүүлэхгүй байх боломжтой.

Ягаан батгатай хүмүүс маань эмзэг арьсанд тохирсон бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Хэт их хөөсөрдөг угаагч, гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийхгүй бол бас л арьсаа цочрооно.

- Ягаан батга өвчний үед демодекс хачиг ихээр үржиж ихэсгэдэг гэж сонссон. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Ягаан батганы үед шинжилгээгээр демодекс хачиг илрэх нь бий. Гэхдээ демодекс хачиг нь хэвийн үед ч хүний арьсан дээр байж л байдаг. Харин ягаан батгатай хүнд энэ хачгийн тоо олширсон байдаг. Өөрөөр хэлбэл олшроод ирэхээрээ эмгэг төрүүлэгч болчхож байна гэсэн үг. Ягаан батганы үед илрэх шинж тэмдгийг ихэсгэх нэг хүчин зүйл болж байгаа юм.