АӨСҮТ-ийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Г.Баянжаргалтай нөсөө, сэвхний талаар мэдээлэл хүргэж байна
Г.Баянжаргал: Арьсныхаа хэв шинжийг оношлуулалгүй сэвх, нөсөөг лазердуулах нь буруу
АӨСҮТ-ийн Эмчилгээний гоо засал, нөхөн сэргээх тасгийн эрхлэгч Г.Баянжаргалтай нөсөө, сэвхний талаар ярилцлаа.
- Нөсөөжилт юунаас болж үүсдэг талаар яриагаа эхлүүлье?
- Нөсөө гэдэг нь хүний арьсны өнгийг бүрдүүлж байгаа бор пигмент юм. Хүн болгоны арьсны өнгө өөр бөгөөд өнгийг нь бүрдүүлдэг хоёр төрлийн пигмент /бор, улаан шар/ байдаг. Тэр хоёрын аль нь илүү тухайн хүнд байгаагаас шалтгаалж арьсны өнгө тодорхойлогддог гэж ойлгож болно.
Мөн хүний арьсны хэв шинжийг зургаан бүлэгт хуваадаг. Тухайлбал 1,2-р бүлэгт Европчууд 3,4 бүлэгт азиуд буюу монголчууд байдаг. 5,6 бүлэгт бор, хар арьстай хүмүүс багтдаг.
Нөсөө толбо ихсэх шалтгаан нь бидний арьс, үс, нүдний өнгийг бий болгодог меланоцит эсээс ялгардаг меланин гэх бодисын ялгарал ихэссэнтэй холбоотой үүсдэг. Харин меланин нь нарны хэт ягаан туяаны нөлөөгөөр үржиж, арьсны эвэрлэг давхаргын эсүүд рүү нүүснээр арьс илүү борлодог.
Зарим хүмүүс амархан борлодог бол, цагаан шар хүмүүс борлохгүй ч гэсэн арьс нь улайгаад байдаг шүү дээ. Борлоно гэдэг нь нэг талаасаа арьс өөрийгөө хамгаалж байгаагийн илрэл юм. Өөрөөр хэлбэл дархлааны урвал явагдаж байна гэсэн үг. Нарнаас ирж байгаа хэт ягаан туяаны эсрэг арьс өөрийгөө хамгаалахын тулд нөсөө үйлдвэрлэдэг эсүүдээ ихээр үйлдвэрлэдэг гэж ойлгох хэрэгтэй.
Арьсыг байнга түлж, улайлгаад байвал арьсны эсийн ДНХ –г дахин дахин гэмтээдэг тул нас ахих тусам хавдар үүсэх эрсдэл ихэсдэг. Тиймээс нарны хэт ягаан туяанаас арьсаа хамгаалах хэрэгтэй.
- Нөсөөжилт ихсэх эмгэг гэж байдаг шүү дээ. Ямар үед нөсөөжилт ихэсдэг вэ?
- Нөсөөжилт ихсэх эмгэгийг төрөлхийн болон олдмол гэж ангилдаг.
Төрөлхийн гэдэгт янз бүрийн мэнгэнүүд, удамшлын болон хромосомын гаралтай хам шинж өвчнүүд хамаардаг. Жишээ нь хөх өнгөтэй, бор цэгэн, янз бүрийн хэмжээтэй төрөлхийн мэнгэнүүд хүмүүст байдаг шүү дээ.
Харин олдмол хэт нөсөөжилт нь дотоод шүүрлийн, дааврын, бодисын солилцооны, аутоиммуны өвчнүүдтэй холбоотой байдаг. Мөн гэрэлд хэт мэдрэгшил үүсгэдэг эм, хүнд метал, ургамал болон хэт ягаан туяа гаргадаг аппаратуудын шалтгаантай байж болно.
Бидний сайн мэдэх сэвх буюу маск шиг том хүрэн нөсөө нь дааврын шалтгаантай үүсдэг. Тодруулбал жирэмслэлт, төрөлттэй холбоотой үүсдэг янз бүрийн арьсны үрэвсэл, тууралт, үрэвсэлтэй батганы дараа үүссэн бор сорви зэргийг олдмол нөсөөжилт гэж үздэг.
- Нөсөөг багасгах, мөн үүнээс сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
- Нуур гол, шинэ орсон цасан дээр ойсон нарны гэрэл нь хамгийн хүчтэй байдаг учраас тэр үед арьс түлэгдэх эрсдэлтэй байдаг. Тиймээс хамгийн гол зүйл нь нарны тос бөгөөд өөрийн арьсны онцлогт тохирсон тосыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Хэр удаан гадаа байх вэ гэдгээс шалтгаалаад нарны тосыг дээрээс нэмж түрхэж байх хэрэгтэй. Жирийн үед буюу гэрээсээ гараад ажил дээрээ байгаа тохиолдолд өглөөд түрхэхэд болно.
Гэхдээ ганцхан нарны тос 100 хувь хамгаалахгүй учраас нарны малгай, нарны шил, битүү ханцуйтай хувцас өмсөх, зундаа сүүдэр газар бараадах, наранд удаан хугацаагаар явахгүй байх хэрэгтэй.
- Эмчилгээний тухайд мэдээлэл хүргээч?
-Хамгийн түрүүнд нарны тосыг байнга тогтмол түрхэх ёстой. Мөн сэвх нөсөөний цайруулах үйлчилгээтэй тосыг олон сараар тогтмол түрхэх хэрэгтэй.
Нөсөөний лазер эмчилгээ гэж бий. Гэхдээ энэ эмчилгээний үр дүн нь тухай хүний арьсны төрөлхийн өнгө, хэв шинжээс хамаарч харилцан адилгүй байна. Өөрөөр хэлбэл борлосон болгоныг, нүүр нь сэвхтэй хүн бүрийг лазераар эмчлэхгүй. Энэ нь эргээд янз бүрийн гаж нөлөө үүсгэх, нөсөөг ихэсгэх эрсдэлтэй байдаг.
Зарим хүмүүс нөсөөг ор мөргүй алга болгоно гэсэн зард итгээд лазердуулчихдаг. Арьсныхаа хэв шинжийг мэдэхгүй, оношлуулаагүй байж сэвх, нөсөөг лазердуулдаг нь буруу. Баталгаагүй газраар үйлчлүүлээд, хүндэрсэн үед нь манай төв дээр ирдэг хүмүүс цөөнгүй байдаг учраас уншигчдадаа анхааруулж байгаа юм. Ер тухайн хүний арьсны онцлог, арьс арчилгаа, хамгаалалттай уялдуулж эмчилгээний аргыг сонгодог.
- Баярлалаа.
Эх сурвалж: Zaag.mn