АӨСҮТ-ИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АРЬСНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН 2-Р ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Ж.АЗЗАЯА "ЭМИЙН ХАРШЛЫН ТАЛААР" МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

АӨСҮТ-ИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АРЬСНЫ ЭМГЭГ СУДЛАЛЫН 2-Р ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Ж.АЗЗАЯА "ЭМИЙН ХАРШЛЫН ТАЛААР" МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

 Ж.Аззаяа: Харшил өгсөн эмээ насан туршдаа хэрэглэж болохгүй

АӨСҮТ-ийн насанд хүрэгчдийн арьсны эмгэг судлалын 2-р тасгийн эрхлэгч Ж.Аззаяатай эмийн харшлын талаар товч ярилцлаа.

- Хамгийн түгээмэл эмийн харшил үүсгэгчдийн талаар эхлээд мэдээлэл өгөхгүй юу. Мөн манай оронд энэ төрлийн харшил хэр их тохиолдож байна вэ?

- Эмийн харшил нь эмийн бодис хүний биед нэвтрэн орж эмзэгшил үүсгэснээр бий болдог арьс, салстын хордлогот үрэвсэл юм. Олон төрлийн эмийн бодис харшил үүсгэдэг ч хамгийн их нөлөөлж байгаа эмүүдээс дурдвал, пенициллиний бүлэг, сульфаниламидууд, карбамазепин, доксициллин байдаг.

Манай монголчууд ер нь л эмийг дур мэдэн эмийн сангаас авч хэрэглэх гээд байдаг. Ямарваа нэг байдлаар өвдөхөд эмчид хандаж үзүүлэхээсээ илүү шууд л эмийн сан ороод тэр ч сайн энэ ч сайн гээд л хүнээс сонссон эм, тариагаа аваад хэрэглэчихдэг. Энэ эмийн замбараагүй хэрэглээтэй холбоотой эмийн бодисоос шалтгаалсан хордлого харшлын дерматит өвчнөөр өвдсөн үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд ихэсч манай эмнэлгийн амбулатори болон яаралтай тусламжийн тасгаар нэлээдгүй хүн үйлчлүүлж байна. Мөн хэвтэн эмчлүүлдэг.  

- Тухайн эмэнд харшилтай эсэхээ хэрхэн мэдэж вэ?

- Ямар нэгэн эм тариа хэрэглэхдээ сорил тавьж үзнэ. Ялангуяа антибиотикууд маш их харшил өгдөг. Тэгэхээр хэрэглэхээсээ өмнө энэ эм тарианд харшилтай эсэхээ мэдэхийн тулд гарын шууны дотор 1/3 хэсгийн арьсан дотор тарьж сорил заавал тавьж үзэх нь зүйтэй. Харшилдаг бол улайгаад, загатнаад, хавддаг.

Уух эмээ ч гэсэн үзэж болно. Эмийнхээ ¼ хэсгийг хэлэн дор тавьж ямар нэгэн зовиур /хоолой бачуурах, амьсгал давчдах, хоолой загатнах, ерөнхий бие махбодын зүгээс ямар нэгэн зовиур/ илрэхийг ажиглаж анзаарч байгаарай.

- Харшилтай гэгддэг эмээ дахин хэрэглэвэл ямар аюултай вэ?

- Хүн харшил өгсөн эмээ насан туршдаа хэрэглэж болохгүй. Тиймээс харшилтай гэгддэг эмнийхээ нэрийг сайн мэддэг байх хэрэгтэй. Мартаж болохгүй. Амбулаторийн  картныхаа нүүрэн дээр тодоос тод улаан өнгөөр бичээд тавьчих нь зөв. Тэгэхгүй болохоор цаг хугацаа өнгөрөөд хүмүүс мартчихдаг юм.

Түүнчлэн, эмийн сангаар худалдаалагдаж байгаа эмүүдийн худалдааны нэр нь өөр өөр байдаг учраас эмийнхээ олон улсын нэршлийг нь сайн мэдэж авах хэрэгтэй. Жишээ нь амоксациллин гэдэг эм нь хиконцил, амоксиклав, флемоксин гэх мэт нэрээр худалдаалагддаг гэсэн үг. Тиймээс амоксациллинд харшилтай бол дээрх нэртэй эмийг хэрэглэж болохгүй. Ямар нэгэн байдлаар харшил өгсөн эмээ дахин хэрэглэсэн тохиолдолд арьс, салстаар тууралт гарах, цаашилбал амь насанд ч аюул учрах эрсдэлтэй гэдгийг санаж байх хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн эм уугаад арьсаар тууралт гарвал яаралтай мэргэжлийн эмчид хандана. Өөрөө дур мэдэн өөрийгөө эмчилж хэрхэвч болохгүй шүү гэдгийг анхааруулж байна.

- Эмийн харшлаас сэргийлэхийн тулд зохистой хэрэглээг чухалчлах нь зүйтэй байх. Үүнээс гадна ард иргэд юу анхаарах ёстой вэ?

- Болж өгвөл ямар нэгэн өвчнөөс сэргийлж өвдөхгүй байх нь чухал. Хэрэв өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авч эмчийн зааврын дагуу эм тариагаа хэрэглэх хэрэгтэй. Антибиотикийг жороор олгодог гэж ярьж байгаа хэдий ч зарим эмийн сангууд өөрсдийн орлогоо бодоод жоргүй олгосоор байгааг хэлэх хэрэгтэй. Тиймээс иргэд өөрсдийн хэрэглээг анхаараарай.

-Баярлалаа.

Эх сурвалж: Zaag.mn