АӨСҮТ-ИЙН АРЬСНЫ ИХ ЭМЧ Д.ГАНБАЯР "БҮСЛҮҮР ҮЛД" ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

АӨСҮТ-ИЙН АРЬСНЫ ИХ ЭМЧ Д.ГАНБАЯР "БҮСЛҮҮР ҮЛД" ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

АӨСҮТ-ийн Арьсны их эмч Д.Ганбаяр бүслүүр үлд өвчний талаар мэдээлэл өглөө.

Бүслүүр үлд гэж юу вэ?

Бүслүүр үлд нь хурц явцтай вирусийн шалтгаант арьсны өвчин юм бөгөөд салхин цэцэг өвчнийг үүсгэгч варицелла зостер вирусээр үүсгэгдэг. Бүслүүр үлд нь мэдрэлийн гаралтай өвдөлтөөр эхэлж, хэд хоногийн дараанаас арьсан дээр тууралт өгдөг.

Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Өвчний эхэн үед арьс ирвэгэнэх, загатнах, өвдөх мэдрэмж төрнө. 3-4 долоо хоногийн дараа арьсан дээр бүлэглэсэн, дотроо тунгалаг шингэн агуулсан, жижиг жижиг цэврүүнцрүүд гарч эхэлдэг. Харин 2-3 хоногийн дараанаас цэврүүнүүдийн шингэн булингартсан идээт шингэн болно.

Гэхдээ хүн бүрд шинж тэмдэг харилцан адилгүй илэрдэг. Зарим хүмүүс их өвдөлттэй байдаг. Учир нь бүслүүр үлдийн үүсгэгч вирус нь мэдрэлийн зангилаануудыг гэмтээдэг.

Зарим тохиолдолд дал, хавирга дагасан мэдрэлийн ширхгийг дагаж өвддөг. Түүнээс болж зүрх судас, нойр булчирхай гэх мэт дотрын өвчнүүдтэй андуурах тохиолдол бий.

Уг өвчнийг үүсэхэд нөлөөлдөг эрсдэлт хүчин зүйл нь юу вэ?

Уг өвчин үүсэхэд даарч, хөрөх, архаг хордлого, цусны өвчин,  химийн эмчилгээ, ХДХВ/ДОХ-ын халдвар, сэтгэл  санааны дарамт, ядрах зэрэг нөлөөлнө. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд болон аль насныхан тохиолддог. 

Агаар дуслын замаар арьс салстад нэвтэрч орсон вирус нь хүний нугалам хоорондын мэдрэхүйн арын мэдрэлийн зангилаанд орж, идэвхгүй нуугдмал байдалтай болдог. Ингээд эрсдэлт хүчин зүйлсийн нөлөө болон дархлаа сулрах үед дахин идэвхжин үржихийн зэрэгцээ арьс, салстыг өвчлүүлдэг.

Хэрхэн эмчлэх вэ?

Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдол арьсны нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ. Вирусийн эсрэг, шинж тэмдгийн эсрэг, хэсэг газрын тосон түрхлэг зэргийг хэрэглэнэ. Эмчилгээг таслалгүй хийлгэх нь чухал. Эмийн эмчилгээнээс гадна физик эмчилгээ хийлгэвэл сайн үр дүнтэй. Мөн амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж дархлаагаа сайн дэмжих хэрэгтэй.

Бүслүүр үлд хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

Бүслүүр үлдийн үед хэд хэдэн хүндрэл тохиолддог. Тухайлбал, үхжилт хэлбэр, өвчин эдгэрсний дараах удаан хугацааны өвдөлт, нүдний мэдрэлийн гэмтэл зэрэг үүсч болно. Үхжилт хэлбэр нь ихэвчлэн чихрийн шижин, ходоодны шархтай, дархлаа сул настай хүмүүст тохиолддог. Энэ үед арьсан дээрх тууралт цусархаг шингэн бүхий цэврүүн цэрүүд гарч, улмаар удаан эдгэрэхгүй гүнзгий шарх үүсдэг. Энэ нь эдгэрэхдээ сорви үлдээдэг. Нүдний мэдрэл гэмтсэнтэй холбоотой нүдний эвэрлэг ,салст бүрхүүл, солонгон бүрхүүл гэмтэж хараа муудах цаашилбал сохрох аюултай.

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Энгийн дадал ч гэлээ гараа тогтмол савандаж угаах хэрэгтэй. Халдвар илэрсэн газар амны хаалт зүүх шаардлагатай. Халдвар гарсан газрын эд зүйлийг ариутган, угааж арчина. Хүйтэн сэрүүний улиралд дулаан хувцаслах бөгөөд дархлаагаа дэмжиж дасгал хөдөлгөөн хийгээрэй.

-Баярлалаа.

Эх сурвалж: Zaag.mn