АӨСҮТ-ИЙН АРЬС ГОО ЗАСЛЫН ИХ ЭМЧ О.УРАНГОО АРЬСНЫ ХАЛДВАРТ МӨӨГӨНЦӨР ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

АӨСҮТ-ИЙН АРЬС ГОО ЗАСЛЫН ИХ ЭМЧ О.УРАНГОО АРЬСНЫ ХАЛДВАРТ МӨӨГӨНЦӨР ӨВЧНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЖ БАЙНА.

 Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаараа арьсны халдварт мөөгөнцөр өвчний талаар АӨСҮТ-ийн арьс гоо заслын их эмч О.Урангоотой ярилцлаа.

- Арьсны халдварт мөөгөнцөр үүсэх шалтгаан нь юу вэ. Ямар замаар халдварладаг вэ?

- Мөөгөнцөр нь дэлхий нийтэд өргөн тархалттай байдаг халдварт өвчин бөгөөд өвчтэй мал амьтантай хүрэлцэх, энэ төрлийн өвчтэй хүнтэй шууд хүрэлцсэнээр халдварладаг.

Мөөгөнцөр нь арьс, үс, хумсыг гэмтээдэг бөгөөд арьсыг хамарсан хэлбэрийн үед биеэр цагираг улаан толбон тууралт гардаг. Хуйхны хэлбэрийн үед, хуурай эсвэл идээт нэвчдэс болж хуйхыг хамран гэмтээдэг.

Харин хумсны мөөгөнцрийн үед хумс шарлаж зузаарах, үйрэмтгий болох шинж илэрнэ. Хумсны мөөгөнцөр нь ихэвчлэн маникюр, педикюр хийлгэх үед халддаг. Мөн хэт бариу гутал өмсөх, хөлрөх, дотоод шүүрлийн эмгэг, чихрийн шижин ч нөлөөлдөг гэж үздэг. Түүнчлэн мөөгөнцөр нь чийтэй газар өсөж үрждэг тул саун, бассейнд нийтийн алчуур, тавчик хэрэглэснээр, халдвартай хүний хувцас хэрэглэлээр мөн халдварлаж болно. 

- Амьтантай хүрэлцэх үед мөөгөнцөр халдварладаг гэлээ. Гэрийн тэжээвэр амьтадтай айлууд юуг анхаарах вэ?

- Нохой, муураас мөөгөнцрийн халдвар авч ирэх хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс амьтан авч тэжээхдээ зайлшгүй малын эмчид үзүүлсний дараагаар гэртээ аваачих хэрэгтэй. Зарим хүмүүс гудамжнаас амьтан авч тэжээгээд, тууралт гарангуут гаргаад хаячихдаг. Тэгээд нөгөө амьтныг дараагийн хүмүүс авч тэжээгээд л халдвар тасардаггүй. Тийм учраас малын эмчид үзүүлээд, шаардлагатай эмчилгээг хийлгээд тэжээх хэрэгтэй.

Намар хичээл сургууль эхлэх үед хүүхдүүдийн дунд мөөгөнцрийн халдвар ихсэж байдаг тул арун цэврийг мөн нь анхаараарай. Учир нь зун хөдөө очоод цахлайтсан мал хариулж, тоглосноос болоод толгой, хуйхны мөөгөнцөр тусах нь их байдаг.

- Энэ өвчин нь бусад эрхтэн системдээ хэрхэн нөлөөлдөг вэ. Хүндэрвэл ямар эрсдэл гарах вэ?

- Мөөгөнцрийн хүндрэл нь хуйхны идээт нэвчдэст хэлбэр юм. Энэ үед үсний булцууны дороос идээ гарч ирдэг. Үүнийг эмчлэхгүй удвал тунгалгийн булчирхай томорч, халууран, ерөнхий бие ядарч, сульддаг.

Тууралтыг эмчлэхгүй удах, буруу эмчилснээс болж тухайн хэсгийн арьс нь хатангиршиж, эргээд үс ургахгүй болно.

- Мөөгөнцрийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой юу. Үүний эсрэг ямар эмчилгээ хийдэг вэ?

- Мөөгөнцрийг мэргэжлийн арьсны эмчид үзүүлэн шинжилгээ өгч байж оношлуулна. Хүмүүс мөөгөнцрийг хайрст үлдтэй андуураад янз бүрийн тос түрхээд хүндрүүлчихдэг. Тухайлбал, дур мэдэн янз бүрийн тос түрхсэнээр шинжилгээний хариу хуурамч гарах, онош төөрөгдөх, эмчилгээ үр дүнгүй байх, удаан хугацааны турш эмчилгээ хийлгэх эрсдэлийг дагуулдаг. Тиймээс тууралт гарсан даруйд арьсны эмчид үзүүлэн мөөгөнцөр илрүүлэх шинжилгээ өгнө. Мөөгөнцөр илрүүлэх шинжилгээ нь өвөрмөц шинжилгээ тул АӨСҮТ болон цөөн хэдэн хувийн арьсны эмнэлгүүдэд хийгддэг.

Харин онош тодорсон тохиолдолд мөөгөнцрийн тос түрхэж мөн тархмал хүнд хэлбэрийн үед эмийн эмчилгээг зөвлөдөг. Мөн халдвар цаашид тархахаас сэргийлж ахуйн ариун цэврийн дэглэм сайн баримтална. Хэрэв арьсны мөөгөнцөр илэрсэн бол бүх хувцсаа ариутган, хүнтэй хувцсаа солихгүй байх хэрэгтэй.

Мөн хуйхны мөөгөнцөртэй бол сам, алчуур зэргийг бусадтай солихгүй. Түүнчлэн үсчинд орохдоо багаж хэрэгслээ ариутгаж байгаа эсэхийг нь шалгаарай. Учир нь хуйхны мөөгөнцөр үсчний багажаар халдварладаг. Эмчилгээ хийхээс гадна сэргийлэлтийг сайн хийж, гэр бүлийн гишүүд мөн эмчлүүлэх шаардлагатай.

- Мөөгөнцөр хайрст үлдтэй андуурагддаг гэлээ. Үлднээс хэрхэн ялгах талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Биеийн мөөгөнцрийн тууралт нь дугуй, цагираг хэлбэртэй толбон тууралтаар илэрдэг. Анх жижиг байж байгаад томорч цагираг хэлбэртэй болдог онцлогтой.  Үүнийг хүмүүс хайрст үлд,  экземтэй андуураад харшлын тос түрхчихдэг. Ингээд буруу эмчилгээ хийхээр эдгэрэлт нь маш удаан явагддаг.