АӨСҮТ-ийн арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхжаргалтай мөөгөнцөрт өвчний талаар мэдээлэл хүргэж байна.

АӨСҮТ-ийн арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхжаргалтай мөөгөнцөрт өвчний талаар мэдээлэл хүргэж байна.

Ж.Энхжаргал: Бэлгийн мөөгөнцөр 18-45 насныханд хамгийн элбэг тохиолддог

  АӨСҮТ-ийн арьс гоо заслын тэргүүлэх зэргийн эмч Ж.Энхжаргалтай мөөгөнцөрт өвчний талаар ярилцлаа.
 

- Мөөгөнцөрт өвчний талаар манай уншигчдад мэдээлэл өгөхгүй юу. Ямар мөөгөнцөрийн халдвараар иргэд түлхүү өвчилж байна вэ?

- Дэлхий дээр судлагдсан 120 000 гаруй мөөг байдгаас 100 орчим нь өвчин үүсгэдэг байна.  Бэлэн органик бодисоор хооллодог, спор үүсгэдэг, хлорфилгүй, доод ургамлын бүлэгт хамаарах ургамлыг мөөг гэж нэрлэдэг.

Арьсны мөөгөнцөрт өвчин нь дэлхий даяр өргөн тархсан өвчин бөгөөд хүнээс хүнд, амьтнаас  хүнд, хөрс шорооноос хүн, амьтанд халдварладаг. Харин хүнд өвчин үүсгэдэг нэг бүлэг мөөгөнцрийн төрөл нь дерматофит юм. Энэ бүлгээр үүсгэгддэг өвчнийг дерматомикоз гэдэг бөгөөд энэ нь манай оронд хамгийн элбэг тохиолддог.

- Хамгийн өргөн тархсан нь арьсны мөөгөнцөрт өвчин гэлээ. Үүний үүсэх шалтгаан нь юу вэ?

- Манай орны хувьд трихофити,  микроспори, кандидаар үүсгэгдсэн,  хяргагч үлд, бужуу үлд, олон өнгөт үлд, эпидермофити, арьс салстын кандидоз зэрэг арьсны мөөгөнцөрт өвчин зонхилон тохиолддог. Энэ нь хүнээс хүнд, амьтнаас хүнд голдуу халдварладаг. Бага насны хүүхдүүдэд муур, нохой зэрэг гэрийн тэжээмэл амьтан болон малаас халдварлах тохиолдол их.

Харин насанд хүрэгчид хөл, тавхай, цавь, хумсны болон салстын мөөгөнцрөөр түлхүү өвддөг. Энэ нь сүүлийн жилүүдэд бассейн, саун, алжаал тайлах газруудаар үйлчлүүлдэг хүмүүсийн дунд ихсэж байгаа.

Учир нь нийтийн халуун усны газар хөл нүцгэн явах, дундаа тавчик хэрэглэх, хувь хүний хөлрөмтгий байдал, хөлийн салааны онцлог, дархлаа зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлдөг. Ер нь чийглэг газар мөөгөнцрийн амьдрах таатай газар орчин бүрддэг гэдгийг санах хэрэгтэй.

- Хүнд өвчин үүсгэдэг дерматомикоз мөөгөнцөрт өвчин хамгийн элбэг тохиолддог талаар дээр дурдсан. Ер нь мөөгөнцөрт өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй вэ?

- Арьсны хэсэг газарт гарсан мөөгөнцрийн тууралт биеийн бусад хэсгүүдэд тархах, үс хумс гэмтэх, хоёрдогч халдварт өртөх байдлаар хүндрэл илэрнэ. Салстын мөөгөнцөр хэсэг газраас хальж дотор эрхтэнд тархан системийн мөөгөнцөрт өвчин үүсгэж болно.

 Мөөгөнцөрт өвчний үед арьсан дээр зөв дугуй хэлбэртэй, улаан ягаан өнгийн тууралт гарч тэлж томрох, хайрсжих, загатнах шинж тэмдэг илэрнэ. Түүнчлэн, мөөгөнцөрт өвчнийг өнгөц, гүн гэж ангилдаг бөгөөд аль хэлбэрээр өвдсөнөөсөө хамаарч шинж тэмдгүүд өөр байдаг.

Тодруулбал, хүүхдүүдийн хувьд толгойн үстэй хэсэгт гүн нэвчдэст мөөгөнцөр элбэг тохиолддог л доо. Энэ үед бохир таваар хучигдсан орчныхоо эдээс тод зааглагдсан улан өнгөтэй нэвчдэст, идээт таваар хучигдсан цөөн тооны голомтууд үүссэн байдаг.

Тавыг ховхлоход үсний хүүдийн амсар нь онгойсон, үсний хүүдий бүрээс нь идээ бултайсан харагддаг. Энэ голомт өвчин эмзэглэлтэй байдаг. Голомтын үс унаж эдгэрэхдээ сорви үлдээн эдгэдэг.

Харин өнгөц мөөгөнцрийн үед бараг зовиургүй, толгойгоор зөв биш дугуй хэлбэртэй, тодорхой зааг хязгааргүй, бага зэргийн үрэвслийн шинж тэмдэгтэй цайвар хайрстай хэвгэн гуужилттай толбон голомтууд үүссэн байдаг. Энэ голомтын зах ирмэгээр цөөн тоотой гүвдрүү цэврүүнцэр тав байж болно. Онцлог нь энэ голомтын үс 1-2 мм түвшинд хугарч унасан байдаг. Мөөгөнцөрт өвчний үед хумс гэмтсэн тохиолдолд зузаарах, өнгө нь өөрчлөгдөж шарлах эмтэрч бутарч унах шинж илэрнэ.

- Бэлгийн мөөгөнцрийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

Бэлгийн мөөгөнцөрт эмгэг нь кандидын гаралтай баланит, вульвовагини гэх хэлбэрээр ихэвчлэн илэрдэг. Эмэгтэйн үтрээний хэвийн бичил биетний харьцаа алдагдах, эмгэг төрөгч нян мөөгөнцрийн хэмжээ ихэссэнээс үүсдэг.

Дархлаа  дарангуйлагдах, хэт их нүүрс ус агуулсан хүнс хэрэглэх, архи спиртын хэрэглээ их байх, сахар, антибиотик, кортикостериод эмийн бодисын замбараагүй хэрэглээ, стрессийн түвшин өндөр байх, хэт хөлрөмтгий байх, бэлгийн замын халдварт өвчнүүдээр давтан өвдөх зэрэг нь  мөөгөнцрийн халдвар үүсэх шалтгаан болдог. Энэ нь 18-45 насныханд хамгийн элбэг тохиолддог ч бусад насныханд ч тохиолдож болно.

Бэлгийн мөөгөнцрийн үед загатнах, хорсох, зовиур илэрнэ. Эрэгтэйд бэлэг эрхтний  салст улайж хавагнах, цагаан өнгөрөөр хучигдах шинж илэрдэг бол эмэгтэйчүүдэд үтрээний үүдэвч хэсэг, бэлгийн бага уруул улайж хавагнах, ээдэм таягтай цагаан ялгадас гарах зовиур илэрнэ.

Мөн кандидын төрлийн мөөгөнцөр нь мөн арьс үс, хумсыг ч гэмтээдэг. Кандидаар үүсгэгддэг салстын мөөгөнцөр нь хурц болон архаг хэлбэрээр явагддаг. Мөн олон дахиж, намжил сэдрэл байдлаар явагддаг бөгөөд эмэнд амархан дасал болдог онцлогтой. Гэхдээ эмчийн заавраар зөв эмчилгээг цаг тухайд хийж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Zaag.mn